“Газрын зураг дээр Дорнод аймаг алслагдсан мэт харагдах ч, оюун ухааны зам дээр яг төв цэгт нь оршиж байлаа.”
Боломж гэдэг газарзүйн байршил биш. Боломж бол дотоод итгэл, хичээл зүтгэл. Газрын зураг дээр Дорнод аймаг алслагдсан мэт харагдаж болох ч, оюун ухааны зам дээр яг төв цэгт нь байрлаж байлаа. Эл аймгийн сургуулийн хүү гурван жил аймаг, улсын олимпиадыг тэргүүлж, олон хүмүүсийн хичээл зүтгэлийн галыг бадраасан. Гурван жилийн туршид сургуулиасаа улсын хэмжээнд шалгарч чаджээ. Жирийн нэг анги, өдрийн нар туссан жижигхэн цонхтой, сурагчдын инээд шуугианаар дүүрэн жирийн нэг ширээ, жирийн л нэг сургууль. Гэвч тэдний дунд жирийн бус, эгэлгүй нэгэн итгэл. Тэрээр өнөөдөр “Монгол улсын их сургууль”-н Газар зохион байгуулалтын ангийн оюутан болсон ч түүний түүх яг одоо ч “Улсын тэргүүний нэгдүгээр сургууль”-н гудманд амьсгалсаар байна. Ийнхүү би газарзүйн улсын төрөлжсөн олимпиадын II-н давааны гурван алтан медаль, улсын төpөлжсөн олимпиадын алт, мөнгө, хүрэл медальт О.Дөлгөөнтэй ярилцлаа.
“Намайг Оюунтуяа овогтой Дөлгөөн гэдэг. Би Дорнод аймгийн улсын тэргүүний 1-р сургуулийг 2024 онд төгссөн. Газарзүйн хичээлээр улсын олимпиадаас хоёр алт, нэг хүрэл, аймгийн олимпиадаас гурван алтан медаль хүртэж байсан.
Газарзүйд дурласан нь
Дөлгөөн газарзүйн хичээлтэй анх долоодугаар ангидаа учирчээ. Тэр үеэс хойш энэ хичээлийг хүлээдэг өдөр нь түүнд баярын өдөр шиг санагддаг болжээ.
“Газарзүйн хичээлийг анх орж эхлэхэд нь буюу долоодугаар ангиасаа сонирхож эхэлсэн. Үздэг сэдвүүд маань их анхаарал татдаг. Гэрийн даалгавраа нямбай гэгч нь хийгээд газарзүйн хичээл орох өдрийг тэсээ ядан хүлээдэг байлаа. Зуны амралт эхлэхэд гэрт байсан хуучин “Монгол орны физик газарзүй” гэх газарзүйчдийн ширээний номыг хуудсыг нь сэмэртэл уншсан.”
Энэ мөч бол зөвхөн нэг хүүхдийн ялалт биш, сургуулийнхаа түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал байлаа. Түүний авсан тэр анхны алтан медаль нь дараа дараагийн олон сурагчдад “Боломж бий” гэдэг итгэлийг өгсөн булган сүүлтэй медаль байсан билээ.
***
Олимпиадын танхимд
Газарзүйд дуртай хүү анхны том сорилтоо есдүгээр ангидаа амссан нь аймаг, улсын олимпиад байлаа.
“Анхны олимпиаддаа их сандарч байсан. Хоцорч орсон болохоор анхнаасаа л өөртөө итгэлгүй байсан. “Эд нар ч бүр мундаг бэлдсэн л байх даа” гэж бодоод танхимдаа орж суусан. Тэгээд өөртөө хэлсэн “Чи ч бас бэлдсэн, тэрийгээ л харуул.” гэж. Амьсгалаа аваад, бодлоо төвлөрүүлээд ажилдаа орсон /инээв/. Материалаа авмагц л сандрал минь алга болсон. Гурван цагийн турш төвлөрч ажилласан ч дуусаад нэг л их санаа зовсон мэдрэмж төрсөн. Тэр жил газарзүйн есдүгээр ангийн төрөл улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан юм. Би ч анхны аварга нь болсон. Мөн газарзүйн чиглэлээр сургуульдаа ч анхны алтан медаль авчирсан. Ер нь тэгээд надаас хойшоо дүү нар маань улсад их медаль авдаг болсон. Улсын олимпиадын танхимууд их цэвэрхэн, уужим цэлгэр, гэрэл сайтай байсан. Гэхдээ есдүгээр ангийн онолын олимпиад болсон МУИС-ын нэг том танхим хамгийн их таалагдаж, сэтгэлд тод үлдсэн. Тэнд анх удаа улсын олимпиаддаа оролцсон болохоор ч тэгсэн байх. Суудлууд нь арагшлах тусмаа дээшилдэг, яг л лекцийн танхим шиг. Том дэлгэц дээр цаг яваад, хүүхэд болгон өөрийн ширээн дээрээ материалаа ажиллаж, хянагч багш нар дундуур яваад, ус жигнэмэг хүртэл өгдөг байлаа. Их том, цэлгэр, загварлаг тэр танхимд гурван цагийн турш суухдаа чимээ чимээгүй орчинд олимпиадын хуудсаа бөглөж суусан минь хамгийн таатай дурсамж болсон.”
Олимпиадын талбар зөвхөн мэдлэгийн шалгуур биш, харин анхны догдлол, өөрийгөө сорьсон томоохон туршлага үлдээдэг нь Дөлгөөний хувьд тодхон харагдсан. Тэр жил есдүгээр ангийн газарзүйн улсын олимпиад анх удаа зохион байгуулагдаж, хувь тавилангийн тоглоом мэт санагдах тэр үед Дөлгөөн анхны аварга болж, сургуульдаа ч газарзүйн чиглэлээр анхны алтан медалийг авчирсан нь зөвхөн түүний бус, түүнээс хойших үе үеийн сурагчдын замд гэрэл болсон юм.
***
Бэлтгэлийн өдрүүд
Амжилт бол азаар ирдэггүй. Тэрний цаана уйгагүй хичээл зүтгэл, тэсвэр хатуужлын олон өдөр, шөнийн хөдөлмөр бий.
“Хамгийн анхны буюу есдүгээр ангидаа хамаг их цагийг зарцуулсан. Өглөө хичээлдээ суучхаад, гэртээ хариад үдэлж ирээд өдрийн 1 цагт багш дээрээ очдог. Тэгээд орой 7,8 цаг хүртэл хийх зүйлээ хийгээд суудаг байсан. Ахлах ангид орсноос хойш олимпиадын бэлтгэлд зарцуулах цаг багассан. Ялангуяа 12-р ангид орохдоо илүү тайвширчихсан байлаа. Хамгийн сүүлийн жил учраас “За за дахиад нэг орчихъё” гэсэн бодолтой байсан. /инээв/“.
Өглөө эртлэн босож хичээлдээ явах, өдрийн хоолоо идээд л шууд бэлтгэл рүү орох гээд өдөр бүрийн хэмнэл удааг үргэлжилнэ гэдэг амаргүй. Гэсэн ч Дөлгөөн энэ бүхнийг давахдаа залхууралд бус, харин зорилгодоо түшиглэсэн байна.
Олимпиадын аян замын тэмдэглэл
“Ер нь бол багштайгаа хамт явдаг байсан. Есдүгээр ангид багшийнхаа машинтай, 11, 12-р ангидаа автобусанд суудаг болсон. Арваннэгдүгээр анги хүртлээ замд явахдаа дотор муухайрдаг байсан болохоор тэсэхэд хэцүү. Очоод нагац ахынхаа гэрт, эсвэл багшийн дүүгийнд буудаг байлаа. Есдүгээр ангид багшийн дүүгийнд байсан, арваннэгдүгээр ангидаа нагац ахын гэрт байсан. Нагац ахынх хойшоо гэр хороололд, төвөөс хол болохоор өглөө орой болгон автобусанд хол явж бэлтгэхэд жаахан хүндрэлтэй. Тийм болохоор арванхоёрдугаар ангидаа дахиад багшийн дүүгийнд байсан. Багшийн дүү нь их хөгжилтэй, гоё эгч байсан болохоор санаа зоволгүй тухтай байдаг байлаа. Нэг удаа тэнд байхад бид багшийн дүүгийн нөхөр, хүүхдүүдтэй хамт When Life Gives You Tangerines гэдэг киног үзсэн. Бас багштайгаа багшийн дүүгийн ажлын оффист нь суудаг байлаа. Оффис нь бараг хүнгүй, чимээгүй тул бэлтгэхэд маш тухтай. Тэнд олимпын өмнөх хэд хоногийг өнгөрөөдөг байсан. Нэг өдөр тэнд бэлдэж суутал олимпын хүрэл медальтай Отгондалай орж ирээд, гарахдаа “амжилт хүсье” гэж хэлэхэд маш гоё санагдсан. Багш нь таньдаг хүн байсан юм билээ.”
Олимпиадын зам зөвхөн шалгалтын оноо, мэдлэгээр хэмжигддэггүй нь Дөлгөөний дурсамжаас тодхон харагдав. Багшийн халамж, дэмжлэг, нагац ах, багшийн дүүгийн гэрт тухтай орчин, азтай тохиолдлууд нь түүний бэлтгэлийг тайван, төвлөрсөн болгож байжээ. Олимпын хүрэл медальтай Отгондалайгийн “Амжилт хүсье” гэсэн үг нь мэдлэг, авьяаснаас гадна хүний дэмжлэг, анхны уулзалтыг ямар үнэ цэнтэйг харуулж байв. Ийнхүү энэ замд зөвхөн мэдлэг биш, сэтгэл, халамж, аз ч мөн онцгой байр суурь эзэлдэг нь тодхон мэдрэгдэж байлаа.
Улсын чанартай олимпиадын оролцогчдын уур амьсгал
“Шалгалтын үеэр бусад оролцогчтой нэг их харилцаж байгаагүй ээ. Заримдаа аль аймгаас ирсэн бэ гэж асуух төдий. Манай газарзүйн багшийн найз багш нар өөр аймгаасаа хүүхдүүдээ дагуулж ирдэг болохоор тэр хүүхдүүдтэй танилцсан. Арванхоёрдугаар ангидаа Teen Khuraldai-д орсон нэг хүүхэдтэй таарсан, бас хажууд суусан охинтой “Олимпиад ямар байв? Хэр хийв? Хаанаас оролцож байгаа вэ?” гээд ярьсан. Ер нь хүүхдүүд хоорондоо их ярилцдаггүй юм билээ.”
Шалгалтын танхимд хүүхэд бүр өөрийн дотоод ертөнцдөө автаж, нам гүм орчинд бие биетэйгээ бага харилцдаг нь өрсөлдөөний талбарын нэг онцлог ажгуу.
Хамгийн их дэмжсэн хүмүүс
Хамгийн том дэмжигч эмээ
“Миний эмээ хамгийн том дэмжигч байсан. Зарим гэр бүлүүд “Чи ирээд гэрээ цэвэрлэ.” гэх мэтээр хэлдэг бол миний эмээ ерөөсөө тэгдэггүй. Олимпиадын бэлтгэлийн үеэр бүх гэрийн ажлыг өөрөө хийгээд арыг минь бат даадаг байсан. Мөн газарзүйн Алтангэрэл багш маань ном материал сайтай бүх л хэрэгцээтэй материалаар маань хангаж байсан. Багш маань ямарваа нэгэн шинэ ном гарах үед цалингаасаа гар таталгүй аваад, олон эрдэмтдийн бичсэн номыг цуглуулдаг, Дорноддоо их ном сайтай багш. Тэгээд тэднийгээ надад хэрэглүүлдэг. Бас “Дөлгөөнөө энд нэг ийм зүйл болох юм байна, энэ сургалтад суух уу?” гэх мэт их дэмжиж ажилласан.”
Амжилтын тайзан дээр ганцаараа зогсож байгаа мэт харагдавч Дөлгөөний ард үргэлж эмээгийнх нь халамж, багшийнх нь итгэл байсан. Тэр хоёрын дэмжлэг бол түүнийг зөвхөн медальд бус, илүү холын зорилго руу хөтөлсөн нууц түлхүүр нь байж.
***
Оюуны олимпиадад амжилт гаргах чухал чадварууд
“Суурь мэдлэг чухал. Би долоодугаар ангиасаа л газарзүйг сонирхсон. Зарим хүүхдүүдийн мэдэхгүй зүйлүүдийг ч мэддэг. Мөн төлөвлөгөөтэй ажиллах нь маш чухал. “Энийг хийсний дараагаар тэрийг хийнэ” гэх мэтчилэн дэс дараатайгаар хийдэг байсан.”
Дөлгөөний ярианаас суурь мэдлэг, тогтсон төлөвлөгөө хоёр амжилтын хамгийн найдвартай түшиг тулгуур болдог нь тодхон мэдрэгдэж байлаа. Тэрээр долоодугаар ангиасаа эхлэн газарзүйд дурлаж, бусдын мэдэхгүйг мэдэж, хийж буй ажлаа дэс дараатайгаар гүйцэтгэснээр амжилтын замаа тавьсан нь бусдад үлгэр болохуйц туршлага байв.
Олимпиадын бэлтгэлээ хийхэд тулгардаг дотоод, гадаад хүндрэлүүд
“Хувь хүний хувьд өдөржин номын ард суух хэцүү байсан. Заримдаа “хэзээ дуусгах юм бол оо” гээд залхуу хүрдэг. Ном, дасгал ажил, бодлого гээд нэлээд төвөгтэй байсан. Гэртээ харих үедээ ямар их ядарснаа анзаардаг. Очих үед гэр замбараагүй байвал улам стрессддэг байсан. Харин гадаад асуудлын хувьд лаборатори хангалттай биш. Улсын олимпиад онол болон дадлага гэсэн хоёр хэсэгтэй. Гэтэл хөрс шинжлэх, чулуу таних, компьютэр дээр ажиллах зэрэг туршилтын ажил хийх орчин хомс. Боломжийнхоо хэрээр аймгийн Цаг уурын газартай холбогдож, зарим зүйлсийг туршиж үзсэн. Мөн GOOGLE, Батчулуун багшийн цахим хуудас гээд бүх боломжоо шавхсан.”
Байршлын хувьд алслагдсан ч Дөлгөөн өөрийн боломжийг “тусгаарлагдсан” гэж хараагүй. Харин ч тэр бүхий л эх сурвалж, орчныг өөрийн талд ашиглаж чаджээ.
***
Шантрах үедээ өөрийгөө урамшуулах нь
“Миний баримталдаг нэг зарчим байдаг юм аа. Хийх ёстой зүйлээ зүгээр л хий. Хийх хүсэлгүй болсон ч “Би хийх ёстой шүү дээ” гэж өөртөө хэлдэг. Шантарсан ч гэсэн зогсолгүй урагшилж байхад нэг л өдөр үр дүн гардаг. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг л хий.”
Таны нүдээр газарзүйн шинжлэх ухаан
“Газарзүйн шинжлэх ухаан бол байгаль дэлхий болоод нийгмийн юмс үзэгдлийг тайлбарладаг олон шинжлэх ухааны уулзварт оршдог өвөрмөц шинжлэх ухаан гэж би боддог. Өмнө нь хүмүүс газарзүйг төдийлөн тоодоггүй байсан юм шиг. Гэвч хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөв шийдвэр гаргахад газарзүйн мэдлэг, чадвар маш чухал шүү.”
Хүн аливаа зүйлд дурласан үедээ асуулт тавьж эхэлдэг. Дөлгөөний хувьд энэ асуултууд бол зөвхөн хичээлийн хүрээнд биш, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ. Түүний хувьд яагаад ч юм “Орон зай” гэдэг үгэнд нэжгээд дуртай аж.
Газарзүйн мэдлэгийг өдөр тутамдаа ашиглах нь
“Ямар нэг газар очиход, тэр газрын хөрс, уур амьсгал, амьтан ургамал, ястан үндэстэн хүртэл нүдэнд харагдаж, тархинд ойлгогддог болсон. Газарзүй гэдэг чинь байгаль ч гэлтгүй, хүн судалдаг, маш өргөн хүрээтэй шинжлэх ухаан юм байна лээ. Физик газарзүйд их дуртай. Тэр дундаа геоморфологи буюу газрын гадаргын хэлбэр, бүтэц судалдаг хэсэг нь хамгийн сонирхолтой. Яагаад энэ газар ингэж өндөр юм? Яагаад энд ийм ургамал ургаж байна? гээд хөдөө гадаа явахдаа ажиглаад, мэдрээд явдаг.”
Түүний ярианаас газарзүйн мэдлэг нь зөвхөн номын хуудсанд биш, амьдралын бүх алхамд нь шингэсэн нь анзаарагдана. Монгол эх орныхоо газарзүйн онцлогийг бахархалтай нь аргагүй өгүүлсэн.
Газарзүй танд юу ойлгуулах вэ?
“Өмнө нь зүгээр нэг уул, тал гэж хардаг байсан бол одоо бүхнийг шинжлэх ухааны нүдээр хардаг болсон. Яагаад энэ газар ийм хэлбэртэй вэ, энэ нутагт ямар амьтан ургамал байна вэ гээд өдөр тутмын амьдрал маань асуултаар дүүрэн болсон.”
Өдөр тутмын амьдрал нь одоо өөрөө судалгаа, нээлт, гайхамшиг дүүрэн аялал мэт санагдах болж, энгийн зүйл бүрт шинэ утга, шинэ төсөөлөл нэмэгдэж байна.
Хэрэв монгол улсын газарзүйн салбарыг сайжруулах завшаан тохиовол
“Тийм боломж олдвол том сургуулиудыг газарзүйн иж бүрэн лабораторитой болгоно. Бас сургуулиуд хүүхдүүдээ авч яваад хөдөөгүүр аялал хийдэг болговол сайхан. Ер нь хүүхдүүдийг газарзүйд илүү дуртай болгох зүйл хийхийг хүсдэг.”
Газарзүйн мэдлэгийг сонирхолтой, амьдралтай холбогдсон байдлаар олгох нь хүүхдүүдийг өөрөө судлах, сонирхох хүсэлд нь түлхэц болдог. Лабораториуд, аялал, бодит туршлагууд нь тэдний мэдлэгийг гүнзгийрүүлж, ирээдүйд илүү сонирхолтой, авьяаслаг сурагч болох үндэс суурийг тавьдаг биз ээ.
***
Орон нутгийн дүү нартаа захиж хэлэх нь
“Хүн өөрийгөө бүү хязгаарла. Заримдаа боломжийг гаднаас хайдаг ч үнэндээ хамгийн том хаалга дотроо нээгддэг тул туршиж үзэх боломж гарвал эргэлзэлгүйгээр бүхнийг нэг нэгээр нь туршиж үзэх хэрэгтэй. Чамайг ямар зам хүлээж байгааг зөвхөн чи өөрөө л олж мэднэ, юунд үнэхээр дуртайгаа олохын тулд эхлээд зүгээр л эхлэх нь чухал. Тэр эхлэл нь ирээдүйн амжилтын хамгийн чухал алхам байж ч магадгүй. “Амьдрал бол энгийн, явах замаа сонгоод түүндээ бүхнээ зориулах хэрэгтэй” гэсэн үг бодитой; хүн нэг л амьдрахдаа утга учиртай амьдрах хэрэгтэй, өөрийн дурлаж, сонирхсон зүйлээ олж, түүндээ зүтгэснээр ирээдүйн зам нь тодорхой болж, мэргэжил ч түүнээсээ сонгогддог. Тиймээс өөрийгөө сорьж, туршиж үзэх тэр алхам бүр нь ирээдүйн гэрэлт замын эхлэл нь болдог нь тодорхой.”
Дөлгөөний “Өөрийгөө бүү хязгаарла, зүгээр л эхэл” гэх үг нь түүний амжилтын нууцыг хамгийн товч бөгөөд тод илэрхийлсэн байлаа. Боломжийг гаднаас бус, өөрөөсөө нээж чаддаг хүн л жинхэнэ утга учиртай замыг олдог. Тэр эхний алхам бол ирээдүйн бүхний эхлэл гэдгийг түүний дуу хоолой орон нутгийн дүү нартаа тодхон сануулж байсан юм.
Хүний амжилт нь аймгийн төвөөс хол, эсвэл том хотын гэрэлт гудамжнаас хол байна гэдэг бодол бол хэтэрхий энгийн хариулт. Амьдрал гэдэг бол нарийн утга учиртай, цаг хугацааны цуврал түүх. Тэр түүхэнд хэн ч хүн өөрийн гэсэн гэрлийг асааж чаддаг. Тиймээс оршин буй нь хязгаарлалт биш, дотоод итгэл л чиний жинхэнэ хязгаар. Тэр хязгаарыг давж гарвал том далайг ч гэтэлж чадна. Энэ бол аймаг, хотоос огт хамааралгүй. Боломж бол газар зүйн координат биш, амьдралд хандах нэгэн үзэл, нэгэн мөрөөдөл юм. Тиймээс өөрийгөө бүү хязгаарла, өөрийн дотоод ертөнцийн тэр гэрэлтэй нүүр тул. Тэр гэрэл рүү итгэлтэй алхаж эхэл. Зам чинь тэгэхэд л эхэлнэ. Өнөөдөр Дорнодын сургуулийн нэгэн ширээнд өөр нэгэн хүүхэд суугаад мөрөөдлийнхөө түүхийг бичиж эхэлж байгаа. Магадгүй тэр хүүхэд маргаашийн улсын аварга, эсвэл Монголын шинжлэх ухааны шинэ нээлт хийх залуу байх ч юм бил үү.