“Ээж болоод хамгийн дээд аз жаргалыг мэдэрсэн. Үрсийн минь бүх зүйл хайр хүргэдэг.”
“Хүнийг хамгийн сайн мэдэх хүн нь тэр өөрөө” гэх үг байдаг. Тиймээс би ээжийн дотоод ертөнцийг түүний нүдээр харж, түүний сэтгэлээр мэдэрч, уншигчдад яг ээжийн мэдэрдэг мэдрэмжийг төрүүлэхийг хүслээ.
Ээж маань өглөө бүрийг бясалгалаар эхлүүлнэ. Тийнхүү бясалгаж суугааг нь хараад “Тэр яг одоо хаана байгаа бол?” гэх сониуч бодол өөрийн эрхгүй төрнө. Ээжийн энэ дадал зөвхөн түүнд бус бидэнд ч тайвшрал, амар амгалан мэдрэмж авчирдаг. Миний ээжийг Буяндэлгэр гэдэг. Ээж олон жилийн өмнө нэрийн маань утгыг тайлбарлаж байхдаа “Хүний нэр, хувь заяатай нь салшгүй холбоотой байдаг юм”гэж билээ. Тиймдээ ч ээжийн минь хийдэг ажил, нэртэй нь яг л зохицон тохирдог.
Ээжийн дуртай дуу:
Б.Бадар-Ууган – Дэлхий ээж
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Төмөрбаатарын Буяндэлгэр гэдэг. 1985 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. 2000 онд Орхон аймагт ирж амьдарсан. Одоогоор энергийн мастер, сэтгэлгээний көүч, дижитал маркетингийн ажил хийдэг.
***
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Миний хүүхэд нас Завхан аймгийн Отгон сум, Цагаанчулуут суманд өнгөрсөн. Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт бүүвэйлүүлж өссөн хүн дээ.
-Тэр үеийнхээ талаар дэлгэрүүлэн ярьж өгнө үү?
-Хөдөө өссөн учраас монгол ахуй сэтгэлд их ойр байдаг. Эргээд бодоход тэнд л жинхэнэ монгол ахуй оршин байжээ. Өглөө босоод л цэвэр тунгалаг агаарт сүү саалиндаа гарна, дараа нь сүүгээ хөөрүүлнэ. Малынхаа ашиг шимээр үргэлж эрүүл хүнс хэрэглэнэ. Тухайн үед хэрэглэж байсан ахуйн хэрэглэлүүд хүний биед маш ээлтэй байж. Зэс домбо, данх, модон аяга, таваг, агар хувин гээд л. Тийм сайхан монгол ахуй, уудам нутагт уужим сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлж өссөндөө баяртай байдаг.
-Өсвөр нас тань хэрхэн өнгөрсөн бэ? Тэр үеэс л шүлэгт дурлах болсон тухай сонсож байсан.
-Өсвөр нас минь Эрдэнэт хотод өнгөрсөн. Эрдэнэтийн 5 дугаар арван жилд суралцаж төгссөн юм. 8-10 дугаар ангидаа сургуулийн яруу найргийн “Хүрэл тулга” тэмцээнд гурван жил түрүүллээ. Аймгийн “Хүрэл тулга” тэмцээнд 8 дугаар ангидаа гутгаар байрт, 9 дүгээр ангидаа дэд байрт,10 дугаар ангидаа тэргүүн байрт шалгарсан. Улсын “Хүрэл тулга” тэмцээнд оролцож, Утга зохиолын дээд сургуулийн урилга авч байлаа. Шүлгээ уул ус, одод, тэнгэрийн эрчмээр хөглөгдөж бичдэг.
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин Энххүслэн 16 настай, том хүү Энхбилгүүн 11 настай, дунд охин Энхлэн дөрвөн настай, бага охин Энхгэрэл хоёр настай.
-Таны бодлоор ээж хүний мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
-Ээж болоод хамгийн дээд аз жаргалыг мэдэрсэн. Үрсийн минь бүх зүйл хайр хүргэдэг. Хүүхдүүдийнхээ хөлд орж алхах, хэлд орох гээд л нандин мөчийг харж, дэргэд нь байх ээж хүний хувьд хамгийн үнэ цэнтэй.
***
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Ямар мэргэжилтэй болгохоор төлөвлөж байна.
-Хүүхдүүддээ “Ийм тийм бай, ингэ тэг, тэнд сур” гэж хэлдэггүй ээ. Сонирхол, дуртай зүйл нь багаасаа мэдэгддэг. Хүүхдүүд маань юунд их цаг зарцуулж, юунаас илүү аз жаргал мэдэрч байгааг ажиглахыг хичээдэг. Өөрсдийн сонирхлоороо хөгжөөд явж байгаад нь талархдаг. Мэдээллийн эрин зуунд хаанаас ч мэдээлэл аваад сурч хөгжих боломжтой. Тиймээс аль болох гадаад хэл сургахыг эрмэлздэг. Англи хэл, болж өгвөл хөрш орнуудынхаа хэлийг сурвал зүгээр шүү гэж зөвлөдөг.
-Хүүхдүүддээ юуг хамгийн их ухааруулж, ойлгуулахыг хүсдэг вэ?
-Хүүхдүүд минь өөрийн дотоод хүсэл мөрөөдлөөр энэ амьдралд ирсэн чин үнэн зорилгоо олоосой гэж хүсдэг.
-Төгсгөлд нь таны ажлын талаар ярилцъя. Одоо хийж буй ажлынхаа талаар хуваалцана уу?
-Өмнө нь өөр ажил хийж байсан ч 2018 оноос хүнийг анагааж, эдгээх ёстой гэдгээ ухаараад эмчилгээний бариа заслаар суралцаж, 2024 он хүртэл бариа засалч мэргэжлээрээ ажилласан. Түүнээс хойш сэтгэлгээний көүч, энергийн сургалтанд сууж мэдрэмжээ хөгжүүлсэн. Энэ бүхэн миний амьдралд асар том өөрчлөлт авчирсан.
-Та ажлынхаа юунд илүү татагддаг вэ?
-Зөндөө. Энерги гэдэг огт алга болдоггүй, хувирч өөрчлөгдөж байдаг маш том хүч. Бидний биед байгаа сөрөг эрчим энергийн мэдээллүүдийг эерэг болгож болдог. Үргэлж өөрөөсөө эерэг үгийг гаргаж, эерэг бодлыг ухамсарлаж явбал аяндаа амьдрал аз жаргалтай, дүүрэн болдог. Миний хувьд энэ том хүчийг ашиглаж буй нь ажилд минь улам дурлуулдаг. Өөрийн дотор хүнээ сонсоод хамтдаа хийж буй ажил, үйл учраас эрч хүч дуусна гэж байдаггүй.
***
-Ажлаараа дамжуулан хүмүүст түгээж буй гол үнэт зүйл тань юу вэ?
-Гол үнэт зүйл бол хүмүүст амьдралын зорилгоо олоход туслах, энерги гэдэг асар том хүчийг таниулахад оршино. Нэн ялангуяа тухайн хүнээс ямар энерги цацарч байгааг нээн илрүүлж, тэр нь амьдралд юу дуудаад байгааг ухааруулах нь үнэт зүйл.
-Таны хувьд амьдралаас олсон хамгийн том сургамж юу вэ?
-Амьдралд минь хамгийн сүүлд таарсан сорилтоос би маш гүн гүнзгий уналтын мэдрэмж авсан. Үүний эцэст би дотор луугаа өнгийж, ухаарч сэхээрсэн. Тэрхүү үйл явдал намайг өөртэй минь нүүр тулуулах гэж ирсэн амьдралын сорилго байсан байх.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Ээжийнхээ түүхийг бичиж, хадгалж буй охиндоо талархлаа. Чамдаа хайртай шүү.
Ийнхүү ээжийнхээ түүхийг бичиж суухдаа би өөрийнхөө түүхийг ч бас бичиж буйгаа ухаарсан юм.